Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийг дэмжих олон улсын сан
Асуудал
Ардчилсан нийгмийн тулгуур болох бие даасан, чөлөөт хэвлэл өмнө нь тулгарч байгаагүй, цаашлаад оршин байх эсэхийг нь ч шийдвэрлэх магадлалтай эрсдэлийн өмнө тулж ирээд байна.
Улс төр болон эдийн засгийн эрсдэл
Олонх бие даасан, чөлөөт хэвлэлийн орлогын гол эх үүсвэр болсон зар сурталчилгаа нь цахим хувилбар руу шилжих болсноор сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн салбарын бизнес загвар хоцрогдоход хүрээд байна. Угаас ужигарсан эдийн засгийн хямралын үед Ковид-19 цар тахал тархсан нь энэхүү эрсдэлийг улам бүр даамжруулжээ.
Олон улсын хөгжлийн санхүүжилтийн ердөө 0.3% буюу 430 орчим сая ам.доллар л хэвлэл мэдээллийн салбарыг дэмжихэд зориулагдаж байна. Санхүүжүүлэгч нар энэхүү дүн хангалтгүй гэдгийг ойлгодог ч механизмыг хэрхэн сайжруулах талаар тодорхой шийдэлгүй байсаар байна.
Улс төрийн эрсдэл ч хүчтэй нөлөөлж байна. Өнөөдөр дэлхийн нийт хүн амын ердөө 13% нь чөлөөт хэвлэлээс мэдээлэл авах боломжтой байна. Зэрэгцээд үнэнийг илчилсэн сэтгүүлч, эрэн сурвалжлагч нарыг онилсон, зорилготой улс төрийн дайралтууд нэмэгдсээр байна. Автократууд эрх мэдлийн төлөө шунан тэмцэж буй бөгөөд тэмцлийн гол хэлбэр нь хэвлэл мэдээллийн салбар руу дайрах явдал юм.
Үр дагавар
Олон нийтийн эрх ашгийг хамгаалдаг хараат бус хэвлэл мэдээлэл үгүй бол хуурамч, ташаа мэдээлэл нэмэгдсээр улс төрийн сонгууль уналтад орж, авлига ил цагаандаа гарч, хөгжлийн төлөөх Тогтвортой Хөгжлийн Зорилтууд сарних суурь шалтгаан бүрэлдэнэ гэсэн үг.
Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийг дэмжих олон улсын сан нь энэхүү хямралын эсрэг өргөн далайцтай, чадварлаг нөөцөд тулгуурласан, хамтын хариу арга хэмжээ авч байна.
Ардчилалд тулгамдаж буй асуудал
Ардчилалд учрах хамгийн том аюул
Хараат бус, бодит зөв мэдээлэл авч чадахгүй бол иргэд ардчилсан сонголт хийх чадамжгүй болдог
Авлига нэмэгдэх хандлага
Авлигад идэгдсэн, авторитар улстөрчид бие даасан хэвлэл мэдээллийн “амыг барих”-ын тулд мөнгө төлж, сэтгүүлч рүү чиглэсэн дайралтуудыг улам гааруулдаг
Нийгмийн зөрчилдөөн, хурцадмал байдал эрчимжих
Хуурамч, ташаа мэдээллийн улмаас нийгмийн хуваагдал үүсэж, хэвлэл мэдээлэл тэрхүү орон зайд хүрч чадахгүй болдог
Бие даасан байдлаа алдах
Ардчилсан хэвлэл мэдээллийн байгууллагын орон зай хоосорч эхэлбэл ардчилсан бус тоглогчид түүнийг нь эзэлдэг
Хөгжилд тулгамдаж буй асуудал
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад аюул нүүрлэх
Мэдээлэлтэй, идэвхтэй нийгмийн оролцоогүйгээр Тогтвортой хөгжлийн зорилтыг цогцоор нь хэрэгжүүлэх талаар төсөөлөх боломжгүй
Өвчин, тахал
Хуурамч, ташаа мэдээллийн кампанит ажиллагаа нь вакцин эсэргүүцэх, эрүүл мэндийн салбарын ажилтнууд руу дайрах зэргээр улам түгээмэл болж байна.
Өлсгөлөн ба засгийн газруудын бодлого
Нөлөөнд автсан хэвлэл мэдээллийн байгууллага Засгийн газрын алдаа, муу менежмент, буруутай үйл ажиллагааг илчилж, шүүмжилж, хариуцлага тооцуулах чадамжгүй.
Сангийн тухай
Нийтийн эрх ашгийн төлөөх Хэвлэл мэдээллийг дэмжих олон улсын сангийн /цаашид Олон улсын сан гэнэ/ эрхэм зорилго нь олон нийтийн эрх ашгийн төлөөх редакцын бодлого бүхий хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хараат бус, хүртээмжтэй, уян хатан байдлаар ажиллах таатай орчин бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах явдал юм. Дэлхийн бүх хүн олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдээлэл хүртдэг эрүүл экосистем бий болгох нь бидний алсын хараа билээ.
Бидний тухай
Олон улсын сан нь бага болон дунд орлоготой олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд тулгарч буй сорилтуудыг үр дүнтэй оношилж, шийдвэрлэх, цаашлаад урт хугацааны тогтвортой, бие даасан байдалд хүрэх арга замыг тодорхойлоход туслах зорилготой олон оролцогчоос бүрдсэн санаачилга юм. Энэхүү сан нь Францын засгийн газартай зөвшилцсөний дагуу Олон улсын байгууллагатай ижил статустайгаар Францад бие даасан байгууллагаар бүртгэгдэх юм. Энэ тухай Францын Европ болон гадаад хэрэг эрхэлсэн сайд Кэтрин Коллин 2022 онд Парисын Энх Тайвны Форум дээр зарласан билээ.
Оршин тогтнох шалтгаан
Сүүлийн жилүүдэд бие даасан хэвлэл мэдээллийн байгууллагууд улс төрийн дайралт, санхүүгийн хүндрэл, бизнес загвар хуучрах зэрэг олон бэрхшээлтэй тулгарах боллоо. Дэлхий даяар зөвхөн 2020 онд л гэхэд, сонины салбар дангаараа 30 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна.
Бие даасан хэвлэл мэдээллийн байгууллага доройтох үед нийгмийн түвшин бүрт нөлөөлж, ардчилалд аюул учирдаг. Авилга гаарна. Цаашлаад авлигаар тэжээгдсэн хэт туйлширсан хүчирхийлэл үржих шимтэй хөрс бий болно. Зөвхөн өөрийн, эсвэл бүлгийнхээ ашиг сонирхлыг хангах, хамгаалахад хэвлэл мэдээллийг олзолж, нийгмийн нэгдмэл байдал улам л сулардаг. Хэвлэл мэдээлэл гэх энэ амин чухал салбарын уналтаас сэргийлэхийн тулд бид сайтар зохион байгуулсан, олон улсын нэгдмэл хариу арга хэмжээ авах шаардлагатай.
Олон улсын сан нь дээрх хариу арга хэмжээ авах боломж бий болгохын төлөө хүчин чармайлт гарган ажиллаж байна.
Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийн байгууллагыг тодорхойлох нь
Олон улсын сан нь дор дурдсан агуулгаар мэдээлэл бэлтгэж түгээдэг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нийтийн эрх ашгийн төлөөх гэж тодорхойлдог.
- Олон нийтэд хамааралтай асуудлыг мэдүүлэхийн төлөө оршин тогтнодог
- Итгэж болохуйц арга замаар баримтад суурилсан мэдээллээр хангадаг
- Үнэн мэдээллийн араас үлгэр жишээ байдлаар зүтгэдэг, жишээ нь, өөрсдийн арга зүйгээ хуваалцаж, эрх ашгийнх нь төлөө явж байгаа бүлгийнхээ дуу хоолой болдог
- Редакцын хувьд бие даасан, үйл ажиллагаа, санхүүжилт, зарчмынхаа талаар нээлттэй мэдээлдэг
Дэлхий дахины Олон талт хамтын ажиллагаа
Олон улсын сан нь бие даасан, олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн засгийн газар, хандивын үйл ажиллагаа, корпорацын оролцогчдын хамтарсан өвөрмөц түншлэлийн үр дүнд бий болсон. Олон улсын сан нь доор дурдсан засаглалын өвөрмөц бүтцээ удирдан чиглүүлж, өөрийн болон тэтгэлэг авагчдынхаа бие даасан байдлыг хангахын зэрэгцээ олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг дэмжих шинэ нөөцийг бий болгодог.
Салбарын шинэ нөөцийг дайчлахдаа Нийтийн эрх ашгийн төлөөх Хэвлэл мэдээллийг дэмжих олон улсын сан нь бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тулгарч буй хямралын эсрэг олон талт, зохицуулалттай хариу арга хэмжээ авахыг эрмэлзэж, ардчиллыг дэмжигч улс орнуудын олон улсын хамтын ажиллагааны хэрэгсэл болохыг зорьж байна. Ингэхдээ хэвлэл мэдээллийн салбарыг дэмжиж, санхүүжүүлэх одоогийн хүчин чармайлтыг өөрлөх, солих буса, харин нөхөж, сайжруулахыг зорьж байна. Эдгээр хүчин чармайлтын нэг хэсэг болгон Нийтийн эрх ашгийн төлөөх Хэвлэл мэдээллийг дэмжих олон улсын сан нь олон салбарын оролцогч талуудын баталсан Сэтгүүл зүйн шинэ хэлэлцээрт нийцүүлэн хэвлэл мэдээллийн хөгжилд хуваарилах олон улсын хөгжлийн тусламжийг 1% хүртэл нэмэгдүүлэхээр зорьж байна.
Хууль болон засаглалын шинэлэг бүтэц
Олон улсын сангийн хууль эрх зүй, засаглалын шинэлэг бүтэц нь эрхэм зорилгоо биелүүлэхэд нь туслахаар зохион байгуулагдсан. Үүнд Удирдах зөвлөл, Зөвлөл гэсэн хоёр засаглалын байгууллага багтдаг бөгөөд тус бүр нь өвөрмөц үүрэг хариуцлага, хяналтын чиглэлтэй.
Нийтийн эрх ашгийн төлөөх Хэвлэл мэдээллийг дэмжих олон улсын сангийн анхны Удирдах зөвлөлийг Нобелийн энх тайвны шагналт, Rappler агентлагийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Мария Ресса болон Нью Йорк Таймс компанийн ерөнхийлөгч асан Марк Томпсон нар хамтран даргалж байна. Тэдний хамтаар удирдах зөвлөлд дараах гишүүд сонгогдоод байна.
- Жина Чуа, “Semafor”-ийн гүйцэтгэх редактор
- Паскаль Лами, Парисын Энх Тайвны Форумын ерөнхийлөгч
- Нанжала Нялболо, зохиолч, судлаач, улс төр судлаач
- Жули Посетти, Олон улсын сэтгүүлчдийн төвийн дэд ерөнхийлөгч, олон улсын судалгааны захирал
Олон улсын сан нь Нийтийн эрх ашгийн төлөөх Хэвлэл мэдээллийг дэмжихэд анхаарч буй бүс нутгуудын засгийн газар, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг багтаасан буюу засгийн газар, корпорац, хандивлагчид болон хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүд зэрэг төлөөллийг багтаасан анхны зөвлөлөө бүрдүүлэх шатандаа явж байна. Зөвлөлийн гишүүд батлагдсаны дараа нэмэлт мэдээлэл байршуулах болно.
Бидний ажил
Олон улсын сан нь нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийн хэрэгслийг оршин тогтнох, богино хугацаанд бие даасан байдлаа алдахаас зайлсхийж, урт хугацаанд цэцэглэн хөгжихөд шаардлагатай хэрэгсэл, нөөцөөр хангах зорилгоор хэвлэл мэдээллийн экосистемийн түвшинд бие даасан хэвлэл мэдээллийн байгууллагууд болон туршилт, инновацыг дэмждэг.
Нөлөөллийн зорилго
Олон улсын сан нь хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагуудын эдийн засгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, сэтгүүл зүйн тогтвортой байдлын шинэ тогтолцоог бий болгох зорилготой юм. Үүнд гурван арга барилыг баримталдаг:
- Олон нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг, устаж үгүй болох, бие даасан байдлаа алдах аюулд өртөж буй хэвлэл мэдээллийн хэрэгслийг дэмжих, мөн олон нийт, иргэдийн оролцоо, олон нийтийн ашиг сонирхлын төлөөх хэвлэл мэдээллийн хэрэгслийн үнэ цэнийг харгалзах.
- Бизнесийн шинэ загвар, олон төрлийн үзэгчийг татах стратеги, технологийн шинэ хэрэглээ зэрэг ирээдүйтэй инновацыг туршиж буй бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслийг дэмжих.
- Хэвлэл мэдээллийн зах зээлд олон нийтийн эрх ашгийн төлөө илүү үр дүнтэй ажиллах боломжийг бий болгохын тулд систем дэх бүтцийн сорилтуудыг шийдвэрлэх, өөрчлөлтийг үндэсний болон дэлхийн түвшинд гаргах санаачилгыг дэмжих.
Олон нөхцөл байдалд зах зээлийн бүтэц, эдийн засгийн орчин нь нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй зөрчилддөг бөгөөд уламжлалт бизнесийн загваруудын уналтыг шийдвэрлэхэд системийн шийдэл шаардлагатай байдаг. Эдгээр шийдлүүд нь зар сурталчилгааны зах зээл хэрхэн ажилладаг талаар шинээр төсөөлж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон дижитал платформ хоорондын харилцааг тэнцвэржүүлэх, нөөц боломжийг тодорхойлох, хэвлэл мэдээллийн салбарын бие даасан үндэсний сан гэх мэт санхүүжилтийн шинэ загваруудыг судлах зэргээр үргэлжилнэ.
Түүнчлэн олон нийтэд илүү сайн үйлчлэхийн тулд сэтгүүл зүй хөгжих шаардлагатай гэж Олон улсын сан үзэж байна. Тиймээс Олон улсын сан нь олон нийтийн оролцоог хангах зорилгоор үзэгчдийн хүрээг өргөжүүлж, олон янзын үзэгчтэй харилцах харилцааг гүнзгийрүүлэхийг зорьж буй нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийн байгууллагуудыг /ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгслээр төдийлэн гардаггүй, оролцоо төлөөлөл бага бүлгүүдийн талаар мэдээлэл бэлтгэж гаргахыг эрмэлздэг, тэдний дуу хоолойг хүргэх зорилготой байгууллагуудыг/ дэмжинэ.
Бүс нутгийн чиглэл
Олон улсын сан одоогоор Африк, Ойрхи Дорнод, Ази, Номхон далай, Латин Америк ба Карибын тэнгис, Зүүн Европ зэрэг бүс нутгийн бага, дунд орлоготой 39 оронд ажиллаж байна. Олон улсын сан үйл ажиллагааныхаа эхний үе шатыг бүрэн давж, цар хүрээгээ тэлэхийн хэрээр газар зүйн хамрах хүрээ нь улам өргөжих болно.
Африк ба Ойрхи Дорнод: Зааны ясан эрэг, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Гана, Кени, Ливан, Намиби, Нигер, Сенегал, Сьерра-Леон, Өмнөд Африк, Тунис.
Ази, Номхон далайн: Бутан, Индонези, Монгол, Балба, Номхон далайн арлууд (Холбооны Микронезийн Нэгдсэн Улс, Фижи, Кирибати, Маршаллын арлууд, Палау, Папуа Шинэ Гвиней, Самоа, Соломоны арлууд, Тонга, Тувалу, Вануату), Филиппин, Шри Ланка болон Зүүн Тимор.
Латин Америк ба Карибын тэнгис: Аргентин, Бразил, Боливи, Колумб, Коста Рика, Парагвай.
Зүүн Европ: Армен, Гүрж, Молдав, Украин.
Төвлөрсөн бус хандлага
Олон улсын сан нь ажиллаж буй улс орнуудын нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад нийцсэн стратеги барьж, шийдвэр гаргадаг бөгөөд тухайн улс орнуудын талаар гүн гүнзгий мэдлэгтэй хүмүүсийн зөвлөмжийг чухалчилдаг.
Санхүүжилтийг нэг бүс нутаг, улс оронд төвлөрүүлэхээс зайлсхийдэг ба Олон улсын санд ажиллаж буй бодит туршлагатай бүс нутгийн багууд чухал үүрэгтэй. Эдгээр бүс нутгийн багууд буцалтгүй тусламж олгох болон бусад арга хэмжээ авах боломжийг судлахын тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд, өөр салбарын оролцогчидтой өргөн хүрээнд хамтран ажилладаг.
Туршилтын санхүүжилтийн үе шат
Анхаарал хандуулж буй бүс нутгуудын хэвлэл мэдээллийн байгууллагуудын нөөцтэй болох нэн шаардлагатайг харгалзан Олон улсын сан 2022 оны 5-р сард Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр анхны буцалтгүй тусламжийн санал авах сонгон шалгаруулалтаа нээлттэй зарласан. Ингээд 13 төсөл шалгарч анхны бүлэг бий болсон юм.
Тэтгэлэг хүртэгсэд 9 орноос шалгарсан бөгөөд газар зүйн байршил, хэл, редакцын агуулга, контент түгээх платформ, бизнес загвар, төлөвшил гээд өөр өөр бөгөөд өргөн хүрээг хамарснаараа онцлог. Шалгарсан 13-ын бүлэг маань арилжааны, арилжааны бус, холимог бизнесийн загваруудад жигд хуваагддаг. Ихэнх нь дижитал орчинд ажилладаг бөгөөд контентоо голчлон вэбсайт болон сошиал сувгаар нийтэлдэг бол ⅓-ээс бага хувь нь өргөн нэвтрүүлэг болон сонин, сэтгүүл байна.
Олон улсын сан нь үйл ажиллагаатай орнууддаа хэвлэл мэдээллийн байгууллагуудын өмнө тулгарч буй сорилтуудын талаарх ойлголт өгч, хэвлэл мэдээллийн байгууллагыг оршин тогтнох, улмаар цэцэглэн хөгжихөд нь туслах ирээдүйтэй стратеги, шинэлэг санаануудыг цуглуулах, зөвлөх чиглэлээр тэтгэлэг хүртэгч байгууллагуудтайгаа нягт хамтран ажилладаг.